Дүрэм

Монголын Шатрын Холбооны 2015 оны 05 сарын 23-ны өдрийн ээлжит Их Хурлын 06 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ

1. бүлэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 зүйл. Нэр томъёоны товчлол, байрлал, анх байгуулагдсан огноо

  1. Монголын Шатрын Холбоо (МШХ гэж товчлох)-ны гүйцэтгэх удирдлага нь нийслэл Улаанбаатар хотноо байрлана.
  2. МШХ-г англиар Mongolian Chess Federation (MCF гэж товчлох) гэж орчуулна.
  3. МШХ анх 1955 oны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан.
  4. Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-г ОУШХ гэж товчилно.
  5. Азийн Шатрын Холбоо (ACF)-г АШХ гэж товчилно.

1.2 зүйл. МШХ-ны дагаж мөрдөх эрх зүйн акт

  1. МШХ бол нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлтэй ТББ мөн.
  2. МШХ үйл ажиллагаандаа Төрийн бус байгууллагын тухай болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн боловсруулж баталсан энэхүү дүрэм, дүрэмдээ нийцүүлэн баталсан журмуудыг удирдлага болгоно.

1.3 МШХ-ны эрхэм зорилго

МШХ-ны эрхэм зорилго нь спорт-урлаг-шинжлэх ухаан хэмээн нэрлэгддэг шатрыг дараах чиглэлээр хувь хүнийг хөгжүүлэх нэгэн хэрэгсэл болгоход оршино:

  1. Хүнийг бага наснаас нь эхлэн заавал шатарчин болгох зорилгоор бус, эрэмбэ дараатай сэтгэж, шийдвэр гаргахад сургах;
  2. Хүйс болон насны олон ангиллаар улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх өндөр зэрэглэлийн шатарчдыг тасралтгүй бэлтгэх замаар эх орноо сурталчлах.

1.4 МШХ-ны иж бүрэн хөтөлбөр

  1. Эрхэм зорилгоо дэмжих үүднээс шатрын мэргэжилтэн, шатарчдыг орон нутгийн болон дэлхийн түвшинд бэлтгэх, урт, дунд болон богино хугацааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
  2. МШХ-ны удирдлага энэхүү хөтөлбөрийг гишүүдийнхээ чадавхид тулгуурлан, тэдэнтэй хамтран ажиллах, орон нутаг дахь гишүүдийн чадавхийг хөгжүүлэх замаар хэрэгжүүлдэг байна.

1.5 МШХ-ны тэмцээн

  1. МШХ-ны нэрийн дор зохиогдож буй тэмцээн нь ангилал болон өрөг тоглох цагийн хувьд ОУШХ-ны буюу АШХ-ныхтой адилхан байна.
  2. Шатар тоглох дүрэм нь эсрэг тоглогчоо хүндэтгэх зарчимд тулгуурлах бөгөөд ОУШХ-ны дүрмийг баримтална.

1.6 МШХ-ны хамтын ажиллагаа

  1. МШХ нь Монголын Үндэсний Олимпын хорооны гишүүний хувьд олимпизмын үзэл санааг тууштай дэмжиж ажиллана.
  2. Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын хүрээнд МШХ төрийн болон дотоодын бусад байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллана.
  3. МШХ нь ОУШХ, АШХ-ны үйл ажиллагаанд гишүүний хувиар идэвхтэй оролцож, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

2. бүлэг. МШХ-НЫ ГИШҮҮНЧЛЭЛ

2.1 зүйл. МШХ-ны гишүүн

МШХ-ны дүрмийг хүлээн зөвшөөрч, МШХ-ны гишүүн болох хүсэлтээ зохих журмын дагуу МШХ-ны удирдлагад ирүүлсэн бөгөөд гишүүний татвараа тогтмол төлж байгаа дараах этгээд МШХ-ны гишүүн мөн:

  1. хувь хүн
  2. шатрын клуб
  3. шатрын сургууль
  4. шатрын академи
  5. аймаг, нийслэл, дүүрэг дэх МШХ-ны салбар холбоо, зөвлөл
  6. шатрын үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг бусад хуулийн этгээд гэх мэт.

2.2 зүйл. Гишүүний татвар ба тэмцээнд оролцсоны хураамж

  1. МШХ-ны гишүүний татвар болон МШХ-ны тэмцээнд оролцсоны хураамжийг тусгай журмаар зохицуулна.
  2. Энэхүү татвар, хураамжийг хэрхэн хуваарилахыг мөнхүү журмаар зохицуулна.
  3. 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй ахмадад “тэг” татвар ногдуулна.

3. бүлэг. МШХ-НЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1 зүйл. МШХ-ны бүтэц

  1. МШХ дараах үндсэн бүтэцтэй байна:

1).  МШХ-ны Их Хурал

2).  МШХ-ны Ерөнхийлөгч

3).  МШХ-ны Хяналтын зөвлөл

4).  МШХ-ны Удирдах зөвлөл

5).  МШХ-ны Ерөнхий менежер[1]

  1. МШХ хүндэт Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчтэй байж болно.

[1]       Өмнөх дүрэмд зааснаар бол Ерөнхий нарийн бичгийн дарга, өмнөх дүрмээс хойно батлагдсан ТББ-ын тухай хуульд зааснаар бол гүйцэтгэх захирал.

3.2 зүйл. МШХ-ны Их Хурал

  1. МШХ-ны ээлжит Их Хурлыг 4 жилд 1 удаа хуралдуулна.
  2. Энэхүү ээлжит Их Хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэнэ:

1).  Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэж дүгнэх

2).  Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж дүгнэх

3).  Удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэж дүгнэх

4).  Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох

5).  Ерөнхийлөгчийг сонгох

6).  Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох

7).  Хэрэв урьдчилан бэлтгэж товлосон бол МШХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах

8).  МШХ-г өөрчлөн байгуулах

9).  МШХ-г татан буулгах.

  1. Ээлжит бус Их Хурлаар шийдвэрлэх асуудлын хүрээ нь ээлжит Их Хурлынхаас халихгүй байна.
  2. Их Хурлын товыг Удирдах зөвлөл хурал болохоос 30-аас дээш хоногийн өмнө ил тод зарлана.
  3. Удирдах зөвлөл өөрийн гишүүдийн 1/3-ийн саналаар бол өөрийн шийдвэрээр, Их Хуралд төлөөлөгчөө оролцуулах эрх бүхий гишүүдийн 50%-ийн саналаар бол заавал Их Хурлын товыг зарлана.

3.3 зүйл. МШХ-ны Их Хурлын төлөөлөгч

Урьдчилан тогтоосон журмын дагуу мандат аваад, хуралд оролцож байгаа, 18 буюу түүнээс дээш насны дор дурдсан хүн МШХ-ны Их Хурлын төлөөлөгч мөн:

  1. МШХ-ны гишүүн хувь хүн
  2. МШХ-ны гишүүн байгууллагад энэ журмын дагуу ногдсон мандатын тоонд багтан, тухайн байгууллагыг төлөөлөхөөр томилогдсон хүн.

3.4 зүйл. МШХ-ны шийдвэр

  1. Энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол МШХ-ны дараах хурлын тогтоол бүрэлдэхүүнийхээ 50%-иас дээш саналаар батлагдана:

1).  Их Хурлын тогтоол төлөөлөгчдийнхөө олонхоор;

2).  Удирдах зөвлөлийн тогтоол 8 гишүүн нь дэмжсэнээр;

3).  Хяналтын зөвлөлийн тогтоол 3 гишүүн нь дэмжсэнээр.

  1. МШХ-г өөрчлөн байгуулах буюу татан буулгах тогтоолыг Их Хурлын төлөөлөгчдийн 75%-ийн саналаар шийдвэрлэнэ.

3.5 зүйл. МШХ-ны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа

  1. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд дараагийн Ерөнхийлөгч сонгогдсоноор түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно.
  2. Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд Удирдах зөвлөлийн дараагийн бүрэлдэхүүн сонгогдсоноор түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно.
  3. Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд Хяналтын зөвлөлийн дараагийн бүрэлдэхүүн сонгогдсоноор түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно.

3.6 зүйл. МШХ-ны Ерөнхийлөгчийг сонгох

  1. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь МШХ-ны дүрмийг хүлээн зөвшөөрсөн, олон улсын түвшинд харилцах гадаад хэлний өндөр мэдлэгтэй, удирдан зохион байгуулах өндөр чадвартай, тус холбооны эрхэм зорилгыг хэрэгжүүлэх чин эрмэлзлэлтэй Монгол Улсын иргэн байна.
  2. Удирдах зөвлөл Их хурал хуралдахаас өмнө Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг дуусгасан байна.
  3. Ерөнхийлөгчид нэр дэвшигч мөрийн хөтөлбөр, Ерөнхий менежерт нэр дэвшүүлэх хүнээ Их Хуралд танилцуулна.
  4. Хэрэв нэг нэр дэвшигч байвал санал хураалтыг илээр явуулж сонгуулийг дуусгана.
  5. Хэрэв хоёр буюу түүнээс олон нэр дэвшигч байвал санал хураалтыг нууцаар явуулах бөгөөд 50%-иас дээш санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно.
  6. Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч 50%-иас дээш санал аваагүй бол хамгийн цөөн санал авсан нэг нэр дэвшигчийг хасч, үлдсэн нэр дэвшигчид дээр санал хураана. Энд заасан санал хураалтыг ялагч тодрох хүртэл үргэлжлүүлнэ.

3.7 зүйл. МШХ-ны Удирдах зөвлөлийг сонгох

  1. Удирдах зөвлөл нь МШХ-ны гишүүдийн эрх ашгийг төлөөлж чадахуйц 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
  2. Ерөнхийлөгч Удирдах зөвлөлийн 6 гишүүнд нэр дэвшүүлж, Их Хурал сонгоно.
  3. Үлдсэн 9 гишүүнд төлөөлөгчид нэр дэвшүүлж Их Хурал сонгоно.
  4. Удирдах зөвлөл сонгуулийн хоорондох хугацаанд 9-15 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

3.8 зүйл. МШХ-ны Хяналтын зөвлөлийг сонгох

  1. Хяналтын зөвлөл 5 гишүүнтэй байна.
  2. Хяналтын зөвлөлийг эрх зүй, санхүүгийн боловсролтой гишүүдээр бүрдүүлнэ.
  3. Хяналтын зөвлөлийн гишүүнд төлөөлөгчид нэр дэвшүүлж, Их Хурал сонгоно.
  4. Хяналтын зөвлөл гишүүдийнхээ дотроос даргаа сонгон Их Хуралд мэдэгдэнэ.

3.9 зүйл. МШХ-ны Удирдах зөвлөл, түүний бүрэн эрх

  1. Удирдах зөвлөлийн хурлыг Ерөнхийлөгч зарлаж, удирдана.
  2. Удирдах зөвлөлийн хурлын товыг Ерөнхийлөгч зөвшөөрсөн бол Удирдах зөвлөл Ерөнхийлөгчийн оролцоогүй хуралдаж болно. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч хурал даргалагчийг Удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос томилно.
  3. МШХ-ны Ерөнхий менежерийн албан тушаалд Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, Удирдах зөвлөл томилно.
  4. МШХ-ны дараах албан тушаалд Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, Удирдах зөвлөл өргөмжилж болно:

1). Тэргүүн дэд Ерөнхийлөгч

2).  Дэд Ерөнхийлөгч

  1. Удирдах зөвлөл улирал тутам 1-ээс доошгүй удаа хуралдана.
  2. Удирдах зөвлөл МШХ-нд дагаж мөрдөх нийтлэг журмуудыг батална.
  3. Удирдах зөвлөлийн дэргэд орон тооны бус дараах зөвлөлийг ажиллуулна:

1).  хүүхдийн

2).  дасгалжуулагчийн

3).  шүүгчийн

4).  ахмадын

5).  бусад зөвлөл.

  1. Удирдах зөвлөл энэ дүрэмд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

3.10 зүйл. Тэргүүн дэд ба дэд Ерөнхийлөгч, хүндэт Ерөнхийлөгч

  1. Тэргүүн дэд болон дэд Ерөнхийлөгч нь орон тооны бус байх ба МШХ-ны үйл ажиллагааг дэмждэг, нийгэмд нэр хүндтэй хүмүүс байна.
  2. Ерөнхийлөгчийн эзгүйд Тэргүүн дэд Ерөнхийлөгч түүний үүргийг гүйцэтгэнэ.
  3. Дэд Ерөнхийлөгч нь МШХ-ны үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
  4. МШХ-ны Ерөнхийлөгчөөр амжилттай ажилласан хүнд Хүндэт Ерөнхийлөгч өргөмжлөл олгох асуудлыг Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөл санаачлан шийдвэрлэнэ.
  5. Хүндэт Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг МШХ-ны ёслол, хүндлэл, төлөөллийн арга хэмжээнд оролцуулж болно.

3.11 зүйл. МШХ-ны Ерөнхий менежер, түүний бүрэн эрх

  1. Ерөнхий менежер нь МШХ-ны эрхэм зорилгыг хэрэгжүүлэх чин эрмэлзлэлтэй, удирдан зохион байгуулах ажилд мэргэшсэн, МШХ-ны гадаад үйл ажиллагааг зохицуулах гадаад хэлний өндөр мэдлэгтэй, Монгол Улсын иргэн байна.
  2. Ерөнхий менежер орон тооны байна.
  3. Ерөнхий менежер дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1).  МШХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан удирдах

2).  гишүүд болон бусад этгээдтэй гэрээ байгуулах

3).  спортын цолны болзол хангасан шатарчин, шатрын мэргэжилтнийг холбогдох байгууллагад тодорхойлох

4).  МШХ-ны үйл ажиллагаанд мөрдөгдөх журмыг санаачлан Удирдах зөвлөлд оруулах

5).  МШХ-ны архивыг баяжуулан сэргээж, цахимжуулж байх

6).  МШХ-ны цахим хуудасны ажиллагааг тогтмолжуулах замаар гишүүдээ мэдээллээр хангадаг тогтолцоонд шилжих

7).  МШХ-ны эд хөрөнгийг бүртгэлжүүлэх

8).  МШХ-ны дүрмийн өөрчлөлтийг бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад хуульд заасан хугацаанд бүртгүүлэх

9).  энэ дүрэмд заасан бусад бүрэн эрх.

  1. МШХ-ны жилийн тайлан нь ТББ-ын тухай хууль (23-р зүйл)-д заасны дагуу “жилийн тайлан тэнцэл”, “үйл ажиллагааны тайлан” гэсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд тайланг Ерөнхий менежер хуульд заасан журмын дагуу бэлтгэн санаачилж, Удирдах зөвлөл батална.
  2. Ерөнхий менежер ийнхүү батлагдсан тайлангийн эхний хэсгийг Татварын албанд, хоёр дахь хэсгийг улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад дараа оны 2-р сарын 15-ны дотор өгнө.

3.12 зүйл. МШХ-ны Хяналтын зөвлөл, түүний бүрэн эрх

  1. Хяналтын зөвлөл МШХ-ны гишүүний гомдлыг үндэслэн дараах шийдвэр буюу эс үйлдэл МШХ-ны дүрмийг зөрчсөн эсэх тухай тогтоол гаргах бөгөөд зөрчсөн тохиолдолд тогтоолыг хариуцагч этгээдэд хүргэнэ:

1).  МШХ-ны Удирдах зөвлөлийн тогтоол

2).  МШХ-ны Удирдах зөвлөлөөс баталсан журам

3).  МШХ-ны Ерөнхийлөгчийн шийдвэр

4).  Ерөнхий менежерийн шийдвэр

5).  МШХ-ны сонгуульт болон томилогдсон албан тушаалтны эс үйлдэл.

  1. МШХ-ны дүрмийг зөрчсөн тухай Хяналтын зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан этгээд зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ авах үүрэгтэй.

3.13 зүйл. МШХ-ны орлого, зарлага

  1. МШХ-ны орлого нь ТББ-ын тухай хууль (19-р зүйл)-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
  2. МШХ орлогоо ТББ-ын тухай хууль (20-р зүйл)-д заасны дагуу зарцуулна.

4. бүлэг. БУСАД ЗҮЙЛ

4.1 зүйл. МШХ-ны бэлгэдэл

  1. МШХ өөрийн бэлгэ тэмдэг (лого), туг, сүлд дуутай байна.
  2. Эдгээр бэлгэдлийг Ерөнхий менежер санаачилж Удирдах зөвлөл батална.

4.2 зүйл. МШХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах

  1. Дүрмийн өөрчлөлт гэдгийн дор хасалт хийх, нэмэлт хийх, өөрчлөн найруулахаас эхлэн дүрмийг бүхэлд нь шинэчлэн найруулах хүртэл өргөн утгаар ойлгоно.
  2. Дүрмийн өөрчлөлтийг МШХ-ны Их Хурлын төлөөлөгчдийн 75% буюу түүнээс дээш хувийн саналаар батална.
  3. Шаардлагатай нөхцөлд дүрмийн өөрчлөлтийг дагаж мөрдөж эхлэх хугацааг нарийвчлан зохицуулж болно.
  4. Хэрэв ийм зохицуулалт байхгүй бол дүрмийн өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

4.3 зүйл. МШХ-ны дүрмийг дагаж мөрдөх хугацаа

  1. МШХ-ны шинэчлэн найруулсан энэхүү дүрмийг МШХ-ны Их Хурлаар 2015 оны 5 сарын 23-ны өдөр батлав.
  2. Энэ дүрмийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МШХ-ны ээлжит Их Хурал,

Монголын Үндэсний Олимпын хорооны хурлын танхим,

2015 оны 5 сарын 23.

МШХ-ны хаяг: Монголын Үндэсний Олимпын хороо, 204 тоот.