Бодолтын УАШТ-ий удирдамж
Эхлэх: 11/28/2015
Дуусах: 11/28/2015
Хаана: Зууны шатар клуб

Шатрын бодлого зохиомжийн дэлхийн  Хүндэт мастер,

ОУХМ, ОУШ, шатрын нэрт зүтгэлтэн С.Чимэдцэрэн  агсны нэрэмжит

2015 оны Бодолтын УАШТ-ий  удирдамж

 

Тэмцээний зорилго: Шатрын бодлого сонирхогчдын хүрээг өргөтгөх, олон улсын төвшинд өрсөлдөх бодогчдыг төрүүлэх

 

- С.Чимэдцэрэн агсны үр хүүхдүүд ивээн тэтгэдэг уламжлалт энэ тэмцээн 2015 оны 11-р сарын 28-29-ний өдрүүдэд Зууны шатар клубт явагдах Блиц болон Рапид тоглолтын УАШТ-ий үеэр 2 шаттай зохиогдоно

- тэмцээн нээлттэй  (эхний шатанд нас, хүйс, цол зэрэг, чансаа болон оролцогчдын тоог  хязгаарлахгүй)  
- хураамжгүй, урьдчилж бүртгэхгүй (бодолтын хариутай хуудсаар нь бүртгэнэ) 

- 28-ны 13.00 цагаас эхлэх тэмцээний эхний шатанд хоёр нүүдлийн 3 бодлогын шийдийг 20 минутад олох даалгавар өгөгдөх бөгөөд 14 Бодогч (оноо тэнцсэн тохиолдолд хугацааг тооцно) төгсгөлийн шатанд шалгарч оролцоно.
1-р шатанд  Оролцогчид  даалгавруудын эхний нүүдлийг зөвхөн зорилгын (занал буюу цугцванг) хамт зааж бичих бөгөөд хариу бичих үзэг, харандаа өөрсдөө бэлдэх ёстой.
- төгсгөлийн шатны дүнгээр чансаа тооцох бөгөөд Оролцогчид “Чансаа бодолт”-ын хураамжид 1000 төгрөг тушаана.
- 28-ны 18.30 цагт эхлэх төгсгөлийн шатанд олон нүүдлийн 1 бодлого, хожих буюу тэнцэх этюд, гурван нүүдлийн хамжаа болон урвуу мадын тус бүр нэг бодлогыг 100 минутад бодох, нийт 4 даалгавар өгөгдөнө.
- даалгавар нь хүнд хөнгөн, хувилбарын тооноос хамааран тодорхой оноотой байна.
- даалгавруудын шийдийг зөв олсон, эхний нүүдлийн зорилго (занал буюу цугцванг), хамгаалалтын үндсэн хувилбаруудыг бүрэн заасан зэргийг гол үзүүлэлт болгон оноо өгч дүгнэнэ. 
- оноо тэнцсэн тохиолдолд  бодсон хугацааг шалгаруулах үзүүлэлт болгоно.
- шат бүрийн даалгавруудын хариуг тэмцээний хугацаа дуусмагц мэдээллийн самбарт тавина.
-Түрүүлсэн Бодогчид аваргын цом гардуулах бөгөөд эхний байруудад шалгарсан Шатарчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл болон мөнгөн шагнал хүртээнэ.

                                          МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
                                            “ЦАГААДАЙ ТРЕЙД” компани 
                   
                                                               2015-11- 23